Jul 28, 2009

Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
Хамгийн их хүйтэн болдог.
Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт,
Хамгийн их цас унадаг.
Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.
Нэг л тайвшрал -
Нэгдүгээр сард одод хамгаас тод бйдаг...
Үзэсгэлэнт хүйтэн цасны одод...
Одот цасны, цаст оддын хүйт...

Үгүй дээ, миний дургүй сар
Нэг сар биш юм байна.
Хоёр сар...

Хоёрдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Хоёрдугаар сар бас л хүйтэн, бас л цастай,
Хоёрын хооронд гэхдээ зарим нэг дулаан өдөртэй,
Урт өвлийн төгсгөл тйим дулаан өдрүүдэд
Уулгамч салхи гэнэт хараал шивших мэт...
Яг л ийм хоёрдугаар сарын хүйтэн үдэш
Явган хүршгүй холын хотын гудамжинд
Яв ягаан даашинзтай бүсгүйг би харж билээ.
(Яг л хараал шиг)
Галзуурмаар тйим ягаан, тийм торгомсог...
Гайхаж балмагдмаар нимгэхэн... өвөл...

Үгүй дээ, миний дургүй сар
Хоёр сар биш юм байна
Гурван сар...

Гуравдугаар сар миний хамгийн дургүй сар
Яагаад би түүнд дургүй билээ?
Гудамжаар алхах хүмүүс нэг л хачин зовиуртай,
Гунигтай урт урт дээлэндээ түүртээд уцаартай,
Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог,
Гурван давхраас үсэрчихсмээр байдаг,
Үсэрье гээд доош хартал дэндүү намхан,
Өгсөөд есөн давхар өөд мацах залхуутай.
Тэгээд л би амьдралын тухай өөрөөр бодож,
Тэнэгхэн дурлалуудынхаа нэгтэй салах ёс хийлүү?
Тэнэглэл гэж бодсоны хүчээр л
Дурлал эдгэдэг.
Тэр харин эдгэлүү?


Үгүй дээ, миний дургүй сар
Гурван сар биш юм байна.
Дөрвөн сар...

Өө, "дөрөвдүгээр сар хамгийн харгис сар"
Өнгөгүй,хар цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон...
Нөхөр нь нас барсан... өөрөө бэртээ ч үгүй...
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямаргт эрхэмлэдэг...

Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш...
(Үнэхээр Элиот эндүүрчээ)
Таван сар...

Тавдугаар сар миний хамгийн дургүй сар.
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
Би дургүй.
Барьж очсон цэцгийг минь
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
Биеэ татаж авсан аа.
Тэгээгүй сэн бол...
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
Тэр миний дургүй сар биш...
Зургаан сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Шинэ улирал ирж байгаа нь
Зургадугаар сард мэдэгддэггүй,
Шижигнээд сайхана бороо ч орчихгүй...
Өдрөөс өдөрт халуун,
Өмнүүр хойгуур шувууд ч нисчихгүй...
Хэтэрхий хоосон...
Унгирал хийссэн энэ сар гэхдээ
Улиасанд л лав хаврын саруудаас дээр ээ.
Зулзаган моддын навч тийм ногоон,
Зулзаган муурын нүд шиг гэнэхэн,
Тийм гэгээн... шинэхэн...
Ийм шүүслэг ногоон навчсын ховсон дор
Эхнэрийнхээ шүлгийг би анх уншиж билээ.
"Улаанбаатар" сонин,
Учиргүй танил, огт танихгүй охин...


Үгүй дээ, миний дургүй сар
Зургаан сар биш юм байна.
Долоон сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ...
Бошинз бүхний хормой дор
Борлосон шилбэ өдөөстэй.
Янхан бүхний уруул дээр
Ялдам инээмсэглэл уриастай.
Задгай шар айрагны
Задгай сэхээвчин доогуур
Задгай энгэртэй охидын
Задгай янжуурын утаа
Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч миний дургүй сар
Долоон сар биш ээ, биш.
Дулаан тэнгэрээр нэг
Дуу тархаад... Яалаа гэж
Найман сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.
Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л
Намайг тэр их уйтгараас,
Наймдугаар сарын борооноос авардаг.
Тэнгэр рүү ч хармааргүй,
Тэртээ дээгүүр шувууд үймээд,
Тэвчээрийг минь барсан бүгд
Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод...
Амьдрал
Нэг удаа яг л ийм наймдугаар сарын
Аадар бороон дундуур
Нэвт норчихсон жижигхэн богширгыг
Шурт хийлгэн цонхоор оруулаад
Сэрд хийтэл харуулж билээ.
Зүүд совин шиг тэр жаахан шувууны
Зүрх нь цохилох дуулдаж байсан аа...
Үнэхээр чанга цохилж байсан аа...

Үгүй дээ, миний дургүй сар
Найман сар биш юм байна.
Есөн сар...


Есдүгээр сар миний хамгийн дургүй сар
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Есдүгээр сар надад ямар гэм хийлээ?
Их гэм хийсээн, гэм хийсэн,
Ийм л тэнгэрийн дор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж(маш их инээсэн),
Согтоод дуулж(хэтэрхий их дуулсан),
Сүүлдээ уйлж, харин уйлахдаа
Сүрхий эр хүн байх гэсэндээ бусдаас нулимсаа нуусан...
Нууж дотроо гашуу оргитол барьсан
Нулимс минь намайг эрүүл болгосон...
Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс
Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.
Сэтгэлийн минь жинхэнэ төрх
Алтан цох байсан...


Үгүй дээ, миний дургүй сар
Есөн сар биш юм байна.
Арван сар...

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Аравдугаар сард хамгийн олон навч,
Аравдугаар сард хамгийн олон шувуу,
Аравдугаар сард хамгийн олон морь,
Магадгүй хамгийн олон хүн үхдэг.
Шувууд эзгүйрхээр тэнгэр илүү цэлмэг болдог,
Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг.
Үүлс улам хурдан нүүдэг,
Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг...
Өглөө босоод харахад
Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас
Маргааш үзэгддэг...
"Үхэлд хамгаас сайн бэлтгэсэн хүн л
Жинхэнээсээ амьдарч чаддаг"
гэж
Аравдугаар сарын салхи шивнэдэг...

Өө, Бурхан минь, миний дургүй сар
Арван сар биш.
Арван нэг...

Арван нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Намар биш, хэтэрхий орой-
Өвөл биш, арай л эрт-
Ямар ч цаг улирал гэх вэ дээ,
Арван нэгдүгээр сард дургүй ээ.
Хоосорч хохийсон модод нэг л этгээд
Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.
Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш,
Хатсан хуурай өвс шиг шагайгаад
Тэвчээрийг минь хэмжих мэт
Хачин солгой аялгуу хуурдана.
Миний зүрхийг хөрөөдөж буй тэр чимээнд
Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.
Миний хамгийн дургүй сар-
Миний төрсөн сар.
Хэрэв ийм сар байгаагүй бол
Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,
Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,
Шувуудын хаан болчихоод элих сэн,
Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.
Амиа хорлох тухай бодтолоо
Азгүй дурлахгүй сэн,
Од ширтээд баясч гунихгүй,
Охинтой, хүүтэй болохгүй сэн.
Орчлон дээр шүлэг бичихгүй,
Хүмүүсээм залхахгүй сэн.

Үгүй дээ, миний дургүй сар
Арван нэг биш байна.
Арван хоёр...

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа.
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр жил, гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил...
Амьдрал баяртай.
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.

Үгүй дээ, миний дургүй сар
Арван хоёр биш.
Арван хоёулаа биш...


Г. Аюурзана...

бид 2 11-р сарынх юм байлээ аххаха... асар ижилсэх хүсэл энэ тэр наасан... ягаадым мэдкүү ээ тэгээ нээх боджийдаг юмнууд бичээдийхым...

4 comments:

abcd said...

Уйгагүй,залхууралгүй бичжээ,ккк

sirus said...

hahaha copydzon l doo... pupa naiziinhaa blogoos hahaha... ternees zalhuu zalhuu...

abcd said...

Аа тийм байлгүй дээ гэхгүй юу,ккк :P

Гэхдээ тэр тодруулсан даж хэсгүүд нь чиний сонголтоор юм байгааз дээ,эсүүл...?

sirus said...

oo onagiin songoltoo gehdee bi ch bsan ene hesguudiig songoh bsan... yalanguya ter iim nogoohon navchsiin door gedgiig...

Post a Comment