Шартсан зүрхний монолог буюу хэн нэгний гурван хэсэг тэмдэглэл.

Jan 12, 2011

Нэг. Бодол буюу БИ хаана байна вэ?
Аугаа их философич болох гэсэн бүтэлгүй оролдлого мэт энэхүү сараачвар нь оронд орхын өмнөх бодол болно. Бодлыг доор сийрүүлбэл...
Бидний оршин буй орчлон, ертөнц, галактик, эх дэлхий маань сансарын хязгааргүй уудамд үүсэн буй болсон үйл явц санамсаргүй. Дэлхий дээр анх амьдрал үүссэн үйл явц ч санаандгүй. Түүнчлэн дэлхий дээр хүн хэмээх бодгаль үүсэн буй болж, өнөөгийн ухаант хүн болсон үйл явц ч өөрөө санамсаргүй. Миний махан бие энэ орчлонд ирсэн нь ч санамсаргүй. Хэрвээ багцаагаар одоогоос яг 27 жилийн өмнөх өвлийн тэр л шөнө (магадгүй өдөр) эцэг эх маань эр эмийн ажил үйлдээгүй бол, хэрвээ эцэст нь эцэг маань ээжийн минь биен дотор дур тавиагүй бол, хэрвээ тэр л өдөр ээжийн минь биенд эм бэлгийн эс боловсроогүй байсан бол, хэрвээ эцэг эх маань анхнаасаа л хүүхэдтэй болхоор шийдээгүй бол, хэрвээ эцэг эх маань анхнаасаа л учраагүйсэн бол, хэрвээ хэрвээ хэрвээ........... (энэ мэтээр байж болох бүхий л хэрвээг тооцох юм бол хэдэн хуудас ч цаас багадна.) миний махан бие энэ орчлонд буй болохгүйсэн. Ингээд бодхоор миний бие гэдэг хэдэн мянган хэрвээнүүд бүгд тийм гэж нийлэх тэр л тохиолд бүрэлдэн бий болжээ. Яг л буддизмын хүний махан бие бүрэлдэн бий болох нь зүүний үзүүрт шар будаа тогтохтой зүйрлэсэн зүйрлэл шиг.
Тэгвэл миний оюун санаа хэрхэн бүрэлдсэн бол? Анх би төрөхдөө ердөө л цулгуй цагаан цаас байсан. Хүртэхүйн таван эрхтэнээр дамжуулан эхлээд дүрс, өнгө, дуу ай гэсэн тэмдэгтээр мэдээлэл авч энэ мэдээллээ бяцхан тархиндаа хадгалан чадлаараа л боловсруулахыг хичээж, үүн дээрээ тулгуурлан хүн хэмээгч амьтанд заяагдсан байгалийн зөнгөөрөө элдвийг төсөөлөн бодхыг оролдож эхэлсэн. Эхэндээ би бүхий л мэдээллийг хүлээн авч, бүгдэд нь итгэж, төсөөлөл бодит байдал хоёрын хоорондын ялгааг ч бүрэн олоогүйгээсээ худлаа яридаг байлаа. Аажимдаа миний тархинд бичигдэн үлдсэн мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хирээр би бүх мэдээлэлд итгэхээ байж шүүлт хийдэг болж эхэллээ. Шүүлт маань эхэндээ шинжлэх ухаанаар нотлогдсон байдал буюу бидний одоо амьдарч буй нийгмийн загварчлалын үнэн гэж үзсэн зүйлст шууд тулгуурлана. Тархинд бичигдэх мэдээллийн хэмжээ зузаархын хэрээр миний шүүлтүүрүүд өөрчлөгдөн хувьсана. Миний оюун санааны амьдрал, миний БИ гэж итгээд буй миний бодол оюун санаа маань шууд гаднаас орж ирж буй мэдээллүүд дээр тулгуурлан бий болсон. Гэтэл энэхүү мэдээллийг хүртэж, олж авч буй байдал нь дэндүү санамсаргүй. Бидний сонгож уншсан ном, сонгож үзсэн кино, сонгож сонссон хөгжим, сонгож ярицлсан хүмүүс бүгд санамсаргүй сонголтууд. Энэ бүхэн хэдэн зуун боломжоос хийгдсэн цор ганц сонголтууд. Хэрвээ ээж маань намайг төрүүлсэн ч өөр айлд өргүүлсэн бол, хэрвээ ээж маань нас барж би асрамжийн газар очсон бол, хэрвээ ээж маань намайг эмээ өвөөгөөр харуулалгүй цэцэрлэгт явуулсан бол магадгүй өнөөдөр миний нэрээр дуудуулдаг, миний биеийг эзэмшдэг миний тийм нэгэн хүн энэ нийгэмд амьд байж болох ч миний оюун санааны амьдрал огт бүрэлдэхгүй байх боломжтой. Чиг хандлага ба таашаал хүртэж буй мэдээллээс хүчтэй хамаарч буй тохиолдолд бидний дурсамжуудын үнэ цэнэ эрэмбэ дараа ч өөрчлөгдөх болно. Учир нь бид тохиолдсон үйл явдлыг өөрийн таашаалаар сэтгэлдээ хадгалан үлдээдэг. Үгүй ядаж л миний таашаал өөр байсан бол би өөр охинд дурлаж З, Х нарын талаар дурсамж огт байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл надаас өөр таашаалтай, надаас өөр хандлагатай, надаас өөр дурсамжтай, надаас өөр зан авиртай, хэзээ ч над шиг бододгүй тийм хүн л энэ орчлонд байх байсан. Ингэхээр бидний БИ гэж итгэж буй оюун санаа минь гаднаас орж ирсэн үй олон мэдээллийн үр дүнд л буй болсон зүйл болж таарч байна. Нэгэнт би бусдаас зээлдэж, хулгайлж иш татаж авсан зүйлээ минийх гэж энэ орчлон ертөнцөд нэрлэж чададгүй. Тэгэхээр гаднаас санамсаргүйгээр орж ирсэн үй олон мэдээллийн үр дүнд буй болсон таашаал, төсөөлөл, дурсамжийг МИНИЙХ хэмэнэ өмчилж, энэ бүхнийгээ хамтатгаад БИ гэж итгэх эрх бий юу? Жинхэнэ Би хаана байна вэ? Миний гэх мөн чанар хаана байна вэ? Миний сүнс хаана байна вэ? Гаднаас орж ирж буй өгөдөлийг өөрчлөхөд л би хувьсан өөрчлөгдөж, одоогийн БИ үхэж, шинэ БИ үүсэх энэ нөхцөлд БИ оршихийн утга учир бий гэж үү? БИ гэж ер нь үнэхээр байдаг юм уу? БИ үнэхээр төрсөн юм уу? Эсвэл БИ үхчихсэн хэрэг үү?
Камью “Хүн хамгийн түрүүнд орших уу эс орших гэсэн асуултанд хариулах хэрэгтэй. Үлдсэн бүх асуулт энэ асуултанд яж хариулсанаас шалтгаална” гэсэн утгатай зүйл бичсэн санагдана. Харин миний хувьд хүн хамгийн түрүүнд би оршиж байна уу, үгүй юу гэдгээ яг таг ухаарах. Харин үлдсэн бүх асуулт хоёрдагч.
Хоёр. Зүүд буюу ЧИ
16 настай хүүгийн анхны дурлалын зүүд шиг гэнэн тэнэг энэхүү зүүд нь өнөөх аугаа бодлоос болж хэсэг нойр хулжаад дараа нь аргагүй хэсэг зүүрмэглэх үед тохиолдсон болно. Доор сийрүүлбэл...
Манайд болдог байдаг л нэг архидалтууд. Гэхдээ шинэ жил дөхөж буй бололтой. Үнэндээ бол болоод өнгөрчихсөн л дөө. Найзууд бас нэг ёозгүй үл таних зочин. Унтхаас өмнө бодсон бодлынхоо талаар үл таних этгээдтэй ярилцахыг оролдоод л... Гэхдээ бүтэлтэй юм болсонгүй. Угаасаа ч ёозгүй нөхөр байсан л доо. Найзууд өнөөх зочин ч нэг нэгээрээ тасарч эсвэл унтацгаана. Гэтэл гэнэтхэн тэр гарч ирнэ. Мэдээж зүүд болхоор нэг эгшинд нь чи бодитой хажууд байж би гараас чинь атгаснаа, өөр нэг агшинд компьютерийн араас чатална. Чи надаас хайр дурлалд итгэдэг эсэх талаар асууна. Итгэхийг хүсдэг гэхдээ үнэхээр тохирсон хүнтэйгээ таарах эсэхдээ эргэлзэг гэж би хариулна. Харин тэр надаас “хэрвээ чи намайг тэр хүнээ гэж итгэж байвал, хоюулаа оролдоод үзэх үү” гэж асууна. Зүүдэнд зүрхний хэм алдагдаж, би түгдчин яриж байсныг дурьдах хэрэгтэй. Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ сэтгэл минь хөдөлснөө лав санахгүй нь. Бодвол бас л нэг зүүд байсан биз дээ. Тэгээд л тэгээд л нойр дуусчихсан.
Гурав. Ахиад сэрүүн буюу Ёр билгийн тухай бодол эсвээс шороон дундаас олсон найдвар гэх үү?
Эхлээд ердөө л амттай зүүднээс сэрсэндээ харамссан харуусал. Харин дараа нь ягаад, ягаад, ягаад заавал энэ бодлын араас гэж... Би зүүдний ёр, зөнд огтоос итгэдэггүй ч ягаад заавал би өөрийнхөө оршиж буй эсхийг хайсан тэр бодлын араас түүнийг зүүдэлсэн юм бол? Түүнийг мэдэх болсоноос хойшхи жил гарангийн хугцаанд түүнийг зүүдэлж байснаа санахгүй байна. Гэхдээ хүн ихэнхи зүүдээ сэрээд санадаггүй юм гэсэн. Гэхдээ л ягаад заавал энэ бодлын дараа би түүний тухай зүүдийг алдалгүй бариж чадав? Өмнө нь ингэж болох л байсан. Магадгүй миний эрж хайж сураад байсан зүйлийн хариулт нь энэ ч юм билүү хэн мэдлээ. Тэртэй тэргүй хариултыг олж чадах эсэх нь эргэлзээтэй олон асуултын дунд будилж явхаар ердөө л түүний хөөрхөн царайных нь өөдөөс цоо ширтэн шар айраг шимэн сууж, нүцгэн бугуй рүү нь хуруугаараа хатгаад хариуд нь яхыг нь харан суух нь хамаагүй амар ч юм шиг...

Хожимоо, үүнээс олон өдрийн дараа энэ тэмдэглэлийг бичигч өрөөндөө ханиалгандаа зовиурлан ганцаар үхлээ хүлээн хэвтэж байхдаа тэр бүсгүйн тухай учиргүй ихээр бодолд автасныг нь би мэдэх юм. Харин тэр үед надад яг одоо өнөөх бүсгүй хаана юу хийж яваа болдоо гэсэн бодол төрж билээ...

7 comments:

tsatsrala said...

"Би гэж байх үнэхээр хэрэгтэй ч юм уу?" Би-ийн тухай асуултыг нэгээр нэмэв kk

ollie said...

Тэртэй тэргүй хариултыг олж чадах эсэх нь эргэлзээтэй олон асуултын дунд будилж явхаар ердөө л түүний хөөрхөн царайных нь өөдөөс цоо ширтэн шар айраг шимэн сууж, нүцгэн бугуй рүү нь хуруугаараа хатгаад хариуд нь яхыг нь харан суух нь хамаагүй амар ч юм шиг...


хэлээд юүхэв.

arjuna said...

сүүлийн мөрүүдийг нь уншаад урьдах нэг бүдэг бадаг үл мөр, ишлэл санаанд орлоо

Намайг үхлүүт өвчтэй байх үед аврах ганц арга зам нь Хэнри Фонд хүйтэн гараа миний халуурсан духан дээр тавьж халажлах явдал юм бол.., Надад ерөөсөө "Эрх" байхгүйтэй адил юм байна. /Philosopher Judith Jarvis Thomson/

Томсоны хайртай эмэгтэй нь хэнри фонд.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Харин миний хувьд хүн хамгийн түрүүнд би оршиж байна уу, үгүй юу гэдгээ яг таг ухаарах. Харин үлдсэн бүх асуулт хоёрдагч--- Энэ хэсэг нь өрнийн биш дорнын sparkly "........" байлаа. Хэрвээ ийм саtch хийж чадвал юунаасаа ч айх билээ дээ хэндээ ч зүүгдэх уяагдах гэх билээ дээ.
"......."- үг олдсонгүй илэрхийлэх ))))))))))хeхeхeхe

arjuna said...

Dear mattte....., Judith Jarvis Thomson эймар хэлсэн байгаа биз дээ хахахах

tsatsrala said...

"Гэтэл энэхүү мэдээллийг хүртэж, олж авч буй байдал нь дэндүү санамсаргүй. Бидний сонгож уншсан ном, сонгож үзсэн кино, сонгож сонссон хөгжим, сонгож ярицлсан хүмүүс бүгд санамсаргүй сонголтууд. Энэ бүхэн хэдэн зуун боломжоос хийгдсэн цор ганц сонголтууд...
Гаднаас орж ирж буй өгөдөлийг өөрчлөхөд л би хувьсан өөрчлөгдөж, одоогийн БИ үхэж, шинэ БИ үүсэх энэ нөхцөлд БИ оршихийн утга учир бий гэж үү? БИ гэж ер нь үнэхээр байдаг юм уу? БИ үнэхээр төрсөн юм уу? Эсвэл БИ үхчихсэн хэрэг үү?"

Дэндүү л санамсаргүй байна даа...
Санамсаргүйгийн дотор санаатай нь багтдаг юм байна.
Санаатайг санамсаргүй нь сүйтгэдэг юм шиг...

Би үнэхээр төрсөн үү гэж...Би төрөх нь төрсөн гэе, гэхдээ би энэ мөн үү? Ээжээ "БИ" хаана байнаа:P

mish said...

teer togsgol ni iim l engiin baina shd.. olj ochood buguiruu ni hatga hatga :)

Anonymous said...

1428 views. Yavj hunee alnuu, porno tusuulluu tusuulnuu, durtaigaa hii! Lav blog deeree yum bicheed hereggui l yum bna daa...

Post a Comment