Өмнөх өдөр нь их л нямбайлан индүүдээд эвхэж тавьсан хувцаснууд дээр өглөөний нарны турь муутай туяа тусан өрөө тэр чигээрээ шаргалтаж эхлэхэд тэр сэрээд сурсанаараа гар хангалга хийж эхлэв. Эмэгтэй хүн эргүүлж өвөртөө оруулах нь хэтэрхий төвөгтэй, залхуу хүргэм санагддагаас тэр ингэж дур тачаалаа гадагшлуулаад бараг л дасчихсан хэрэг л дээ.
Эцэг эх нь их л ном цуглуулсан хүмүүс байсан болохоор өнгөрсөнийх нь дараа түүнд өвлөгдөж ирсэн зүйл нь энэ байр тэгээд номнууд л байсан. Эцэг эхээс нь хойш энэ байшинд юу ч нэмэгдээгүй, хуучин ТВ бүтээлэг нь ч яг тэр хэвээрээ л байгаа.
Амьдрахын тулд тэр эхлээд эцэг эхийнхээ номнуудыг худалдаж эхэлсэн. Дараа нь ном зараад амьдраад байж болохыг ухаарж эхлэх үедээ хотын төвд жижигхэн байр хөлсөлж хуучин номын мухлаг ажиллуулах болжээ. Юу зараад байгаагаа хүн мэддэг байх хэрэгтэй болхоор тэр уншиж эхэлсэн. Эхлээд залхуутай дараа нь сонирхолтой эцэст нь тэр бүүр номонд донтож орхижээ. Түүний хамгийн дуртай зохиолч нь Ж. Тэр түүнийг чин сэтгэлээсээ шүтэн биширдэг бөгөөд бүх номыг нь доор хаяж хоёр уншсанаас гадна хэн нэгэнтэй ярилцахдаа боломж л гарвал номнуудаас нь нэг өгүүлбэр ч болтугай ишлээд дотроо бол их л маадгар суудаг.
Оны өмнө байна уу даа тэр анх удаагаа зориг гарган байж өөрийнхөө шүтээн рүүгээ захидал илгээсэн юм. Зохиолчийг шүтэн биширдэг тухайгаа түүний номнуудгүйгээр амьдрал нь там болчихож ч мэдэх байсан тухай, боломж гарвал өдрийн хоол үгүйдээ хамтдаа кофе ч болтугай уухсан гэсэн хүсэлтээ захиагаараа уламжилсан хэрэг.
Үүнээс хойш бараг найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэр долоо хоногийн ганц амралтын өдөр ням гаригт сайтар унтаж босоод дуртай хоолоо хийж идээд хэдэн тамхи угсруулан сорж кофегоор даруулсаныхаа дараа их л халган байж бичиг цаас нийлүүлэн өмнөхтэйгээ утга нэгтэй өөр нэг шинэ захидал бичиж эхэлдэг. Зарим нэг үг үсгийг сольж илүү цэвэрхэн гаргацтай бичих гэж хичээдгээс бусдаар бүх л захиануудын утга нь ижилхэн. Ингээд маргааш ажлын өдрийн өглөө ажил руугаа алхахдаа шуудангаар дайрч захидлаа хийгээд хариу ирсэн эсэхийг шалгадаг. Яг ингэх үедээ шуудангийн байшин харагдмагц буцаад алхчихмаар эсвэл ерөөсөө л хурдхан хажуугаар нь гүйж гараад ажилдаа шуудхан явмаар санагдаж хамаг бие нь чичигнэн зүрх нь хүчтэй цохилдог ч энэ айдсаа яаж ийж даваад шуудангийн шар байшинд орж өөрт нь хариу ирсэн эсэхийг догдлонгуй шалгаад дараа нь өөрийгөө хүчлэн өнөөх захидлаа хайрцагт хийнэ. Гэхдээ тэр хэзээ ч энэ хугацаанд өөр рүү нь ганц ч хариу илгээгүй зохиолчийг буруутгаж байгаагүй бөгөөд шуудангийн хариуцлагагүй ажилтнуудын алдаа эсвэл зохиолч ахиад шинэ роман бариад авчихсан эсвэл зүгээр л тэр огтоос өөртөө ирдэг захидлуудыг уншдаггүй байх гэх мэтийн таамаг бодож олоод сэтгэлээ тайтгаруулчихдаг.
Харин уржигдар өглөө түүнд хариу ирсэн. Өөрт нь хаягласан зохиолчийн гарын үсэгтэй дугтуйг хармагц тэр байдгаараа самгардаж шуудангийн хайрцгаа эргүүлж хаагаад дараад зогсчихмоор санагдсан ч нэг л мэдэхэд өнөөх захидлыг гартаа барчихсан гудмаар солиотой мэт хурдлан гүйж байсан. Ингээд хамгийн ойрын хүн багатай цэцэрлэгт очиж амьсгаагаа дарж нэг тамхи татасныхаа дараа захидлаа халааснаасаа гаргаж ирээд тал талаас нь их л нухацтай барьж үзсэн. Эхлээд огт задлалгүй шуудхан шатаачих нь эсвэл ураад хаячихсан нь дээр юм уу гэж бодсон ч тэсгэлгүй л задалж орхисон. Яг л түүний бичсэн захианд таарсан энгийн хариу. Өөрийнх нь зохиолуудыг байнга уншдагт талархсан үгс тэгээд түүнтэй өдрийн хоол идэхийг зөвшөөрч бүүр гэртээ урьсан байлаа. Ингээд тэр ажилдаа ч очилгүй шуудхан гэртээ ирж цөөхөн үлдсэн шинэвтэр хувцаснуудаасаа өөртөө хамгийн зохидог гэж бодсоноо сонгоод их л хичээнгүйлэн угааж эхэлсэн.
Өчигдөр нь бага зэрэг уучихсан болохоор итгэл муутайхан хирнээ жигдхэнээр хаалга тогших чимээнээр үд дунд гэхэд л сая нэг зохиолч сэрлээ. Хэн манайд ирэхсэн билээ гэж бодоод үргэлжлүүлэн унтах гэж хичээсэн ч өнөөх тогшилт ер зогсох шинжгүй харин ч хором мөч өнгөрөх тусам улам ч илүү идэвхитэй болоод байх шиг санагдсанд өөрийгөө хүчлэн байж нүцгэн шахуу хаалга өөд зүглээд бухимдангуй нээвэл 25 гаран насны загвар нь хуучны гэмээр хувцасласан туранхай залуу итгэл муутайхан инээмсэглэсээр зогсож байлаа.
Эхлээд ямар нэгэн сурталчилгааны ажилтан эсвэл ерөөсөө л байрны мөнгө усны тоолуур энэ тэр асуух гэж яваа хэн нэгэн гэж бодсон ч иймэрхүү ажилд явж байгаа гэхэд хэтэрхий цэмцгэр санагдав. Тэгээд ч хаалга нээгдэснээс хойш хэдэн хоромд тэр юу ч хэлэлгүй өөдөөс нь гөлийгөөд зогсчихсонд багахан гайхаад “чи чинь” гээд эхэлтэл өөдөөс нь өнөөх залуу аяарханаар “Би бага зэрэг эрт ирчих шиг боллоо. Маргааш, хэрвээ таньд тохиромжгүй бол, би маргааш ирэе дээ” хэмээн бараг шивэгнэв. Яг энэхэн агшинд өнөөх шүтэн бишрэгч гэсэн бодол зохиолчийн тархинд харван орж ирэв. Эргээд унтвал унтчихаар байсан ч өдрийн тал бараг л өнгөрчихсөнийг санан өөрийгөө хүчлэн байж “Яалаа гэж дээ би бүүр мартчихаж, ор л доо... Mанайх зочин хүлээж авахад тийм ч таатай биш байна. Гэхдээ ойрхон нэг аятайхан хоол идчих газар би мэднэ түр хүлээгээрэй” гэж амандаа бувтнаж амжаад хувцсаа өмсөхөөр нөгөө өрөө рүүгээ оров.
Зохиолч олон шүтэн бишрэгчтэйгээ өөртөө ирдэг захидлуудаас мэднэ. Анх залуу явахад ч ийм захидлуудыг уншиж суухад ахиад юм бичих урам зориг ордог байсан бол адилхан шахуу ийм захидлуудаас одоо бол залхчихсан л даа. Тийм болохоор уншдаг ч үгүй. Харин сүүлийн үед эргээд л захидал уншиж суухад цаг гаргах болсон. Зохиолч “Шүтэн бишрэгч” нэртэй нэгэн зохиолч ба түүний шүтэн бишрэгч хоёрын харилцааны тухай зохиол эхлүүлээд тэг голд нь ороод гацчихсан хэрэг. Зохиолч ямар байдгийг тэр чамгүй сайн мэднэ л дээ. Харин шүтэн бишрэгчийг бол үгүй. Тийм болохоор тэдний юу бичдэгийг сонирхон уншиж зарим нэгэнтэй нь уулзаад амжсан.
Эхнийх нь царай муутай махлаг бүсгүй байсан. Хувцсаа муу тохируулж өмссөн, тэгээд ч эв хавьгүй биетэй дээрээ ихэнхидээ тэнэг гэмээр зүйл ярьж байсан болохоор түүнээс хурдхан салахсан л гэж хүссэн. Харин дараагийнх нь уран зохиолын ангийн оюутан охин. Хэт царайлаг биш ч их аятайхан төрхтэй, залуухан сайхан биетэй ухаалаг гэж болохоор охин байсанд тэр бүүр ахиад ч нэг удаа уулзан хамт оройн хоол идэж гэрт нь хүргэж өгөнгөө зүгээр л нууц амрагууд байж болох юм гээд цухуйлгаад амжсан. Гэхдээ тэр охин огцомхон татгалзсанд хэтэрхий түрэмгий ч байв уу хэмээн тэр өөрийгөө багахан зэмлэсэж билээ. Харин дараагийнх нь энэ нусгай л даа. Зохиолч уг нь арай дориун хүн ирэх болов уу гэж бодтол харах царайны дуугуй байрын өөртөө итгэлгүй залуу байсанд багахан урам хугарсанаас өнөөх залууд ийм нэр өгсөн хэрэг. Магадгүй нойроо хэт харамласан болхоор ч шүтэн бишрэгч нь түүнд тэгэж санагдсан байж болох. Шалтгаангүй юмс гэж хорвоод байх биш. Гэхдээ тэр шалтгаан нь үр дүнтэйгээ харьцуулахад ямагт өчүүхэн байдаг хойно...
Зохиолч шалавхан хувцсаа өмсөж амжаад өөрийнхөө дотроо нэрлэснээр нусгайгаа дагуулан өдөр бүр ордог өнөөх л хоолны газраа зүгэллээ. Эхнэрээсээ тусдаа амьдрах болсон сүүлийн жил гарангийн хугацаанд түүнийг энэ жижгэвтэр уушийн газар л хооллож ундлах болсон гэхэд болно. Эргэн тойронд нь өөр газрууд байдаг ч энд ямар нэгэн байдлаар дотно санагддаг болохоор шинэ туршилт хийхийг тэр хүсдэггүй.
Анх энд орж ирээд Үлисс уншиж суухад нь зөөгч бүсгүй нь хүрч ирээд аяархан дуу алдчихаж билээ. Тэр бүсгүй ч бас Үлиссийг уншиж байж таарсан хэрэг. Магадгүй тэгээд л энэ газар дотно санагдах болсон байх. Эхнэрийнх нь залуу цагийг санагдуулам их л үзэсгэлэнтэй бүсгүй байсан ч түүнтэй унтах хүсэл нэг их төрөөгүй юм. Зүгээр л ийшээ орж ирэхэд хаа нэг яриа дэлгэх танилтай байхсан гэж бодсоноос л тэр байх.
Зохиолч яг урьдынхаараа цонхны хажуугийн суудалдаа сууж үүдэнд үг дугарснаас хойш ахиад ганц ч үг ган хийгээгүй шүтэн бишрэгчтээ хандан юу захиалах вэ? гэж асуув.
Шүтэн бишрэгч хоолны үеэр байн байн тамхи асаан татах аж. Түүнийг хараад зохиолч их цэвэрхэн гартай юм, яг л тамхи татах эсвэл юм бичихэд зориулагдсан юм шиг цэвэрхэн хуруунууд... хэмээн бодож амжив. Шүтэн бишрэгчийн өөрийгөө хүчлэн байж инээмсэглэх нь, угтаа бол цаанаа гунигтай гэмээр төрх нь залуу насыг нь санагдуулаад амжив. Олон жилийн өмнө тэр ч гэсэн яг л ийм зожигдуу гэхдээ тулаад яривал нүүрэмгий гэмээр, аугаа ихийн төлөөх мөрөөдлөөр дүүрэн романтик залуу явсансан. Харин цаг хугацааны салхи бүхнийг өөрчилжээ. Ингээд бодохоор энэ орчлонд цаг хугацаанаас бусад нь бүгд л худал хуурмаг. Тэр ямар ч аугаа зүйлийг өчүүхэн болгох өршөөнгүй сэтгэлтэй шигээ ямар ч өчүүхэнг хамгийн аугаа болгох өгөөмөр нэгэн. Ингэж бодуутаа өнгөрсөн тэр мөчүүдийн төлөөнөө тэсгэлгүй ихээр харуусаад зохиолч хундага архи захиалав. Харин шүтэн бишрэгч шар айраг авлаа. Хоолны туршид тэд хоорондоо юу ч ярилцаагүй ч хэн хэнд нь эвгүй санагдсангүй. Магадгүй яг эндээс л жинхэнэ нөхөрлөл эхэлдэг бизээ. Зохиолч гэхдээ удаан тэссэнгүй аниргүйг эвдэн чи эхнэр эсвэл найз бүсгүйтэй юу? хэнтэйгээ амьдардаг вэ гэж асуулаа. Угтаа бол энэ залуугийн хэнтэй амьдардаг найз бүсгүйтэй эсэх нь түүнд огтхон ч хамаагүй ч өөр яриа эхлүүлчих шалтаг олдсонгүй.
-Эмэгтэй хүн байхгүй. Номнуудтайгаа л амьдардаг хэмээн залуу их л хэвлүүхэн хариулав.
-Залуу насаа ингэж өнгөрөөх уйтгартай биш үү? Заримдаа би яг чам шиг амьдарсандаа харамсмаар санагддаг юм.
-Мэдэхгүй юм даа. Ирээдүйд юу болохыг бид мэдэх биш. Ямартай ч одоо надад энэ бүхэн таатай санагддаг.
-Чи бичдэг үү?
-Үгүй ээ зүгээр л уншдаг. Надад таных шиг их авьяас байхгүй. Гэхдээ бичихсэн гэж хүсдэг.
-Хүмүүс үүнд их авьяас шаардагддаг гэж боддог, үнэндээ тийм их шаардлагатай биш шүү дээ. Бидний эргэн тойронд үй түмэн дохио тэмдэгүүд нисч явдаг. Үүнийг л сэрж мэдэрч таних хэрэг гардаг юм. гэж хэлээд инээмсэглэн байж ингэхэд чи яагаад надтай уулзахыг хүссэн юм бэ дэ? хэмээн зохиолч сониучирхав.
-Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Зүгээр л ярилцахыг хүссэн ч юм уу? Миний хамгийн дотны найз миний номнууд. Үүн дотроос таных бол бүүр ч илүү дотно санагддаг юм. Зөвхөн уншаад суухаас цаашилж үзэхийг хүссэн байх. Ерөөсөө л сүүлийн хэдэн жил бараг л номын дэлгүүрийн үйлчлүүлэгчдээсээ өөр хүнтэй би бараг л уулзаагүй байх. Ганцаараа байх дуртай ч хүнд цөхрөх үе гэж бас таарнаа даа. Энэ хотынхноос хэн нь ч надтай чин сэтгэлээсээ ярилцлаа гээд ойлгохгүй гээд бод л доо. Үгүй би тэднийг бүгдийг нь танихгүй л дээ гэхдээ л ингэж боддог юм. Магадгүй та л, та л ярилцаж болох хүн гэж бодсон байх хэмээн дуржигнуулав.
-Тэгээд төсөөлөл бодит байдал хоёрт хэр их зөрүү байна?
-Мэдэхгүй юм даа бид арван өгүүлбэр ч солилцож чадсангүй. Гэхдээ би тайван мэдрэмжийг мэдэрч байна. Нэг их тохиолддоггүй зүйл л дээ. Олон жилийн өмнө найз бүсгүйтэй байхдаа л надад ийм мэдрэмж төрдөг байлаа.
-Найз бүсгүй, залуу нас, хайр дурлал... бараг л мартчих шахсан зүйлс байна шүү. Тэгээд салчихсан хэрэг үү? Харамсалтай юм тэд их чухал хүмүүс шүү.
-Хүн өөртөө байгаа үнэтэй зүйлсийг алдах үедээ л анзаардаг. Эсвэл тэр алдагдсан учраас л бидний хувьд үнэ цэнэтэй болдог ч юм уу? Би хариултыг нь одоо болтол олдоггүй юм.
Хачин амьтан шүү хүн. Бид өөрсдийгөө хэзээ ч бүрэн таньдаггүй хирнээ сар од марсийн усны тухай судлах нь шаал утгагүй хэрэг тийм үү? Төсөөлөөд үзэе л дээ миний найз бүсгүй тэр хэрвээ намайг хэзээ ч орхиж яваагүй одоог хүртэл дэргэд минь байсан гэхэд би түүнийг өнөөдрийнх шигээ эрхэмлэн үзэх байсан болов уу? Энэ орчлонд мөнх юм гэж үгүй болрхоор бид хоёрын харилцаа хэзээ нэг цагт дуусах л байсан. Магадгүй зөв цагтаа ч дууссан юм бил үү? Хүн ер нь хэзээд нэг чиг шугамаар амьдарч чаддаг болов уу, үгүй ядахдаа тийм хүн нэгээхэн байдаг болов уу? Би саяхан нуруугаа наранд түлчихсэн юм л даа. Өнөөдөр нурууны минь арьс хууран унаж араас нь шинэ арьс гарч ирж байна. /Тэр бүүр нуруу руугаа гаруу явуулсанаа хууларсан арьс гаргаж ирээд зохиолчид харуулав/. Та боддоо яг л авгалдай эрвээхэй болох шиг эсвэл Кафкагийн хувирал мэт санагдсан шүү. Энэ бол гэхдээ зөвхөн арьс. Гэтэл бидний зүрх сэтгэл ч гэсэн ийм байдаг болов уу? Заримдаа тэр зовлонд түлэгдэн шархалдаг. Үгүй заавал ч зовох ч албагүй л дээ яагаад гэвэл арьс өөрөө л гуужин унаж байдаг болрхоор. Сэтгэл маань үхжиж араас нь ахиад шинэ зүрх сэтгэл урган бий болно. Гэтэл чухам өмнө нь үхэжсэн хэсэг, өнөөдөр шинээр ургасан тэр хэсэг хоёрын аль илүү эрхэм эсвэл үнэн юм бэ? Хүн өөртөө ч бүрэн итгэж чадахгүй байх гэдэг зовлонтой хэрэг шүү.
- Хувирал гэдэг бидэнд байгалиас өгсөн чиг шугам нь биш үү? Навч ногоороод дараа нь шаралж эцэст нь модноос тасран унадаг. Тэгэхээр бидний зүрх сэтгэл ч гэсэн хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй хэрэг.
- Тийм яг зөв. Гэтэл үнэн гэдэг маань өөрөө ганц уу? эсвэл тэр хувирал бүрт тохирсон нэг үнэн бий юу?
-Хэрвээ үнэн гэж байлаа гэхэд бүүр нэг биш олон байлаа гэхэд худал болчих биш үү? Үүнээс болоод л чи өнөөдрийг хүртэл номнуудтайгаа амьдраад байгаа хэрэг үү?
-Яг тийм. Өнөөдөр би нэг бүсгүйг хүснэ. Гэтэл хүсэл гэдэг өөрөө хичнээн хуурамч. Энэ хүсэл хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх эсхийг? Үгүй ерөөсөө өнөөдрийн энэ хүслийг жинхэнэ хүсэл гэдгийг би хэрхэн таних билээ? Хүсэл нөхцөл байдлаас үүснэ. Халуунд хүн хүйтэн юм уухыг хүсдэг шиг л. Нөхцөл байдал гэтэл өөрөө бас байнга хувирч байна. Ингэхээр би тэр бүсгүйгээс нэг цагт уйдаж л таарна. Эсвэл тэр надаас. Үүний оронд ном унших нь хамаагүй таатай хэрэг. Магадгүй бүүр ийм таатай зүйл байхад надад секс ч онцын шаардлагагүй. Хүн бүр улаан өнгөнд дуртай биш. Хүн бүр мөхөөлдсөнд дуртай биш. Тэхээр би ч секст заавал дуртай байх албагүй.
-Тэгвэл бид ч гоонь эрчүүд гэдгээрээ адилхан юм биз дээ.
-Би таныг эхнэртэй гэж бодож байсан.
-Мэдээж байсаан гэхдээ бид хамт амьдрахаа болиод удаж байна.
-Би уг нь таны зохиолуудаас эхнэртээ их хайртай гэж боддог байсан.
-Тийм ээ байсан. Ахиад л өнгөрсөн цаг дээр ярих нь. Аз уу эсвэл гай юу тэр чиний найз бүсгүй шиг намайг орхичихоогүй л дээ. Бид гэрлэцгээсэн. Эхэндээ бүх л зүйл сайхан байсан. Тэгээд дараа нь хүүхэд ахиад хүүхэд гээд л. Эгэл жирийн амьдрал. Уйтгарт эцгийн дүр. Гэтэл би үүнийг хүссэн бил үү? Би бичихийг л хүсч байсан. Яг ийм гэр бүл дотор би шинэ зүйл бичиж чадна гэж үү? Өнөөх барьж тэмтэрч мэдрэх ёстой дохио тэмдгүүдээ би аажмаар алдаж эхэлсэн. Надад ерөөсөө л сайн эцгийн дүр зохихгүй хэрэг. Надад шинэ эрч хүч хэрэгтэй байлаа. Ингээд би өөр хүүхнүүдтэй орооцолдож эхэлсэн юм. Хүмүүсийн л алхдаг тэр жимээр би алхах юм бол тэдний л мэдэрч таньж хүртэж байгаатай таарна. Би шинэ зүйл хүртэхийн тулд тэр жимээс аль болох өөр замаар алхах хэрэгтэй байсан хэрэг. Ер нь бүхлээрээ миний гэрлэлт алдаа байсныг тэгэхэд л би ойлгосон юм. Гэхдээ надад тийм их хайртай эмэгтэйг орхиод явна гэдэг хэцүү. Зүгээр л тэр намайг орхихыг би хүлээдэг байлаа. Ингээд тэсгэл алдаад эхлэхээрээ би улам бүүр гаарч улам л олон хүүхнүүдтэй зугаалж түүнийг бусдын нүдэн дээр гутаан доромжилдог байсан. Тийм ээ би санасандаа хүрсэн, тэр одоо надаас явчихсан. Чи найз бүсгүйгээсээ энэ хүрэлгүй салсан харин ч азтай юм. Чиний ийм залуудаа ухаарчихсанг би бүүр сүүлд ойлгож шүү.
-Та ингэхэд яагаад надтай уулзахыг зөвшөөрсөн юм?
-Чи надтай илэн далангүй байна. Би ч бас чамд ингэж хандахыг хүсч байна. Би зүгээр л бичиж байгаа зохиолдоо шинэ санаа олохыг хүссэн учраас энэ уулзалтыг зөвшөөрсөн. Түүнээс биш надад ийм зүйлд зарцуулах цаг зав шинэ танилтай болох хүсэл аль нь ч байгаагүй юм шүү. Дүү минь уучлаарай.
Шүтэн бишрэгч энэ үед тэхээр би золиос юм биз дээ гэж аяархан шивнэсэн ч зохиолчид огтхон ч гомдсонгүй. Харин эхнэрээ хуурдаг байсан гэдгийг сонсоод тэр түүнийг бараг үзэн ядав. Тэр бүх зүйлд, бүүр аллагад хүртэл зөвтгөх шалтгаан бодоод олчихож чадах ч ийм зүйлийг зөвтгөж чаддаггүй.
Харин зохиолч хөөрхий залууг гомдоочихов уу гэж бодоод багахан гэмшив. Үнэндээ бол залуу шал өөр зүйлд урам нь хугарсан билээ.
-Шүтэн бишрэгч, та яагаад зохиолч болчихсон юм гэж гэнэтхэн асуув.
-Би зүгээр л бичихгүй байж чаддаггүй байсан. Эхэндээ ч ямар нэг шаналан зовлонтой зүйлтэй таарахад суугаад бичихээр тайвширдаг байлаа. Нас яваад ирэхээр, амьдралаас хүртэж амталж болох тэр зүйлсийг нь бүгдийг амтлаад дуусчихсан хойноо бол бичих маань зүгээр л зуршлын хэмжээнд очсон байх. Яг л кофе ууж тамхи татах шиг. Би уг нь залуудаа төгс төгөлдөрт тэмүүлж байсан. Гэхдээ өнөөдөр бол түүнд ягаад ч хүрэхээргүй холд очиж дээ. Одоо бол өөрийгөө өрөвдөж байна. Яг үнэндээ ямар нэгэн зүйлийн тухай бичээд түүнийгээ ном болгон хэвлүүлж бусдад худалдана гэдэг хамгийн утгагүй явдал. Аймаар том гэмт хэрэг гэдгийг хэтэрхий хожуу л ухаарч. Ер нь миний үзэл бодол төсөөлөл мөрөөдөл бусдад ямар хамаатай юм. Тийм биз? Үгүй тэгээд бүүр зарим зохиолуудад минь минийх ч гэх юм байхгүй шүү дээ. Зүгээр л бичихгүй байж чадахгүй учраас зарим нэгэн зүйлсийн тухай бичсэн. Гэтэл үнэн хэрэгтээ бичиж байгаагаасаа шаал өөр зүйлийг би хүсч бодож байсан. Өнөөдөр би бичиж байгаагаа үзэн яддаг ч зогсч чадахгүй байна. Ингээд бодрхоор ямар хөгийн хэрэг вэ? Зарим хүмүүс хоол эсвэл хувцасны төлөө мөнгө төлдөг байхад зарим нэг нь номны, уран зурагны төлөө мөнгө төлдөг. Аль аль нь ичгэвтэр, би ч тэр чи ч тэр. Чи юуны төлөө уншдаг юм бэ? Би мэдэхгүй л дээ. Гэхдээ ихэнхи нь зүгээр л бусдад гайхуулж ярихын төлөөнөө, бусдаас онцгойрохын төлөөнөө уншдаг. Аль аль нь л шал хэрэггүй зүйлс. Аугаа зохиолч аугаа уран зураач тэдний шүтэн бишрэгчид яг л айл гэр болон тоглох хүүхдүүдээс ялгаагүй юмс.
-Үгүй дээ ингэж бодвол хэтрүүлэг. Би таны бас бусад зохиолуудаас өөрийгөө танин нээдэг. Дотроо байсан хүрч чадаагүй тэдгээр зүйлстээ хүрдэг. Энэ ямар таашаалтай гээч та буруу бодож байна. Хэмээн шүтэн бишрэгч зөрүүдлэв.
-Өөрийгөө таньж мэдэх гэнэ ээ. Үүний төлөө хэн нэгний номыг уншсан дорвол ууланд очоод даян хийсэн нь дээр биз. Бидний урлаг гэж нэрлэсэн энэ зүйлс үнэндээ хэнд ч хэрггүй зүйл. Зөвхөн урлаг ч биш л дээ ер нь бидний энэ амьдрал өөрөө хэнд ч хэрэггүй зүйлс шүү дээ. Ер нь бол үнэхээр ухаантай хүн ном бичих гэх мэтийн хэнд ч хэрэггүй зүйлс хийнэ гэж үү дээ? Чи төсөөл л дөө. Хүмүүс яагаад бүтээн туурвидаг юм бэ? Миний бодлоор энэ бол айдастай холбоотой. Хүн бүр үхнэ. Гэхдээ хүн бүр үхлээс айдаг. Зарим нэг нь хүүхэд хийж яс махны тасархайгаа орчлонд үлдээдэг. Энэ бол нэг талаараа мөнхрөлд тэмүүлж буй үйлдэл. Гэхдээ энэ бол яс махны л мөнхрөл төдийхөн юм шүү дээ. Хүүхэд нь эцэг эхийнхээ оюун санаа бодол мөрөөдлийг нь тээж амьдрахгүй нь гарцаагүй. Ингүүлэх гэж бид оролддог л доо. Өөрийнхөө хүрч чадаагүй бүхнийг хүүхдээсээ ичгүүргүйгээр нэхээд л... Үүнийгээ хайраар халхавчлаад л... Үнэндээ тэр бол хайр биш ердөө л үхлээс айсан мөнхрөх хүсэл. Харин өөрийгөө бусдаас арай дээгүүр ухаантай гэж бодсон хүмүүс бичиж зурж туурвидаг. Тэд үхлээс айж мөнхрөхийн төлөө л үүнийг хийдэг. Түүнээс биш чиний сайн сайхан чи өөрийгөө таних энэ тэр бол тэдэнд өчүүхэн ч хамаагүй. Хүн шиг өчүүхэн өөрийгөө хичээсэн зантай амьтан бусдыг таниулж гэгээрүүлэхийн төлөө ном бичнэ гэж үү дээ. Орчлон ертөнц ийм л байсан, ийм ч байх болно. Ер нь ингээд бодохоор хүүхэд хийх эсвэл ном бичих бол угтаа бараг л ялгаагүй өчүүхэн хүний зан. Хамгийн шившигтэй нь тэр бичсэн зүйлээ хэвлээд худалдаж буй явдал. Магадгүй ингээд бодохоор энэ хорвоо дээрх хамгийн мэргэн хүн сократ эсвэл будда л байх. Тэд юу ч бичиж байгаагүй болохоороо тэр шүү дээ.
Намайг уучлаарай хэмээн зохиолч үгээ дуусгаад хоосорсон хундагандаа архи дүүргүүлэхээр зөөгчийг нүдээрээ хайж эхлэв. Ярьсан зүйлсийнхээ талаар тэр өмнө нь бодож байсан ч яг ингээд хэн нэгний өмнө бүх зүйлээ дэлгээд хэлтэл энэ бүхэн бодож байснаас нь ч илүү бодитой санагдахад тэр өөрийн эрхгүй гуниглаад халаасаа тэмтчин янжуур хайсан ч байсангүй. Шүтэн бишрэгчээсээ тамхи гуйж аваад тайвшрахын тулд татаж эхлэв. Тийм ээ тэр анх хүсч зорьж байснаасаа даан ч хол ирчихсэнээ ахиад нэг сэхээрэв. Гэхдээ бүүр ч ултайгаар сэхээрсэн хэрэг. Ингэхийнхээ хирээр түүнийг гуниг улам их нөмрөөд авсанд ганцаараа байх хүсэл төрөөд эхлэв. Шүтэн бишрэгчээс уучлал ахиж нэг хүсээд тэр гэрийн зүг яаравчлав. Гэртээ ирээд ч тэр тайвширч чадсангүй. Ганцаардаж цөхөрсөндөө дааран чичирхийлж үүнээсээ сатаарахыг хүссэндээ уулздаг бүсгүйчүүдийнхээ нэгийг дуудав. Хэн нэгнийг тэврэх нь түүнд илүү дээр байна гэж бодсоноос тэр л дээ. Яг л ийм мөчүүдэд тэр хуучин эхнэрээ тэврэхээр учиргүй их тайтгарчихдаг байснаа санасан юм. Гэхдээ бүсгүй ирсэн ч тэр тайвширсангүй. Түүнийг тэврэхийг ч оролдсонгүй. Бүсгүйн амнаас үмхий үнэртэж байх шиг санагдаж түүний утгагүй яриаг тэсвэрлэхэд ч тээртэй санагдаж секс хийе гэж бодсон ч огтхон ч дур нь төрсөнгүйд бүсгүйг хөөж явуулаад ганцаараа ууж эхэллээ. Хэрвээ түүнийг яг одоо хориод жилийн өмнөх идэр залуу нас нь харсан бол, өөрийнхөө ирээдүйг харсан бол шүү дээ ерөөсөө ийм утгагүй хориод жилийг туулж өнгөрүүлэхийг хэзээ ч тэвчихгүйсэн. Хэрвээ энэ бүхнийг өөрчлөх аргагүйг залуу нас нь мэдвэл эргэлзэх юмгүй шуудхан амиа хорлох байсан гэж тэр бодож амжив. Амиа хорлох.. гэж амандаа бувтаснаа тэр одоо ч яагаад оройтоогүй гэж, ахиад яг ийм хорин жилийг өнгөрөөгөөд өрөөндөө ганцаардан үхлээ хүлээж хэвтсэнээс яагаад яг одоо биш гэж.........
Энэ хооронд шүтэн бишрэгч уушийн газраас гараад эхлээд гэр рүүгээ алхаж байсан ч гэнэтхэн бодлоо өөрчлөөд хуучин номын мухлагаа зүгэллээ. Эхлээд тэр хулчийж харамссан ч амьдралдаа анх удаа зоригтой байхыг өөртөө сануулаад хүчлэн байж номнуудаа эхнээс нь шатааж эхлэв. Гашуун утаа хоолой хорсгож эхлэхийн үед тэр тэндээс гүйн гараад хажуухнаас нь өөрийнхөө номнуудыг, жижиг мухлагаа шатахыг, удалгүй галын машин дохиогоо хангинуулан ирж гал унтраагчид яаран гүйлдэхийг туйлаас сэтгэл хангалуун харж байлаа. Галынхны ажил дуусч номын мухлагаас ердөө үнс нурам л үлдэх үед тэр гэртээ харихаар алхах замдаа хотын гудамжуудыг, замын хажуугийн моддыг, хажуугаар нь зөрөх хүмүүсийг бараг л анх удаагаа чин сэтгэлээсээ сонирхон харж энэ бүхэн үнэхээрийн их таашаалтай санагдсанд багахан гайхав. Хоосон гэртээ орж ирээд шуудхан орондоо орж унтахаар хэвтсэн ч ямар нэгэн зүйлийг хийлгүй орхичихсон мэт хоосон мэдрэмж гэнэтхэн эзэмдээд авав. Чухам юу гэдгийг нь ч тэр удалгүй мэдсэн ч мэдүүтээ өөрөөсөө айх шиг болов. Хэдэн хормын дараа тэр айдсаа ялсан бололтой хурдхан хувцаслаад зохиолчийнд хүрэх замаар өнөөх гудмуудаар ахиад л сэтгэл хангалуун алхаж гарав. Зохиолчийн гадаа ирэхэд хэдийнээ харуй бүрий болчихсон байлаа.
Тэр энэ удаад өмнөхөөсөө ч илүү өөртэй итгэлтэйгээр чангахан хаалгыг нь тогшиж зохиолчийг хаалгаа нээх мөчид шуудхан түрэмгий гэмээр гэрт нь дайрч ороод согтуу эрийг юу болоод байгааг анзаарч амжихаас нь өмнө шуудхан гэрээсээ авч гарсан хутгаа цээжинд огцомхон дүрж орхилоо. Зохиолч юу болоод байгааг нэг юм ухаармагцаа ямар нэгэн зүйлийг хэлэх гэсэн боловч чадал нь хүрэлгүй газарт унах үед зочны өрөөндөө өөртөө бэлдсэн дүүжлүүрийн гогцооны үзүүр нүдэнд харагдаад харанхуй бүрхэн авлаа.
Шүтэн бишрэгч зохиолчийг үхэхийг тайвнаар ажиглан зогсоод бүүр нүд нь гөлийсний дараа үхдэл дээр очиж зүрхийг нь чагнаж хийсэн үйлдлээ баталгаажуулав. Тэр аллага үйлдсэн ч ер бусын тайван байлаа. Гэхдээ нэг талаараа бол энэ аллага биш зөвхөн өөрийн оюун санаагаа чөлөөтгөх л цорын ганц арга байсан ч байж мэдэх юм. Шүтэн бишрэгч зохиолчийг гарцаагүй үхсэнийг мэдсэнийхээ дараа тэдний тагтан дээр гарч нэг минут хэртэй тээнэгэлзэн зогссоноо эцэст нь ахиад нэгэн удаа айдсаа ялж тэндээс үсэрлээ. Тэр өмнө нь үхлийг аймшигтай хэмээн төсөөлж түүний өмнө арчаагүй сул дорой болно гэдэгтээ итгэдэг байсан ч яг цаг нь тулахад энэ бүхэн тийм ч аймаар санагдсангүй. Тэр доош унаж байхдаа байрны цонхнууд доор түүнийг цардмал замын дүрээр хүлээх үхлийг анхааралтай ажиглан энэ бүхэн өмнө нь хүртэж байгаагүй тийм сонихон мэдрэмжийг төрүүлэхэд яг л гайхамшигийн ертөнцөд очсон алисд бүх зүйл ийм хариг санагдаж байсан байхдаа гэж бодож амжив. Өөр лүү нь өртөөлөн ойртох цардмал замыг харахдаа миний тархи бяцрах болов уу, үхсэний минь дараа хүмүүс намайг олоход би ямархан харагдах бол ч гэж тэр бодож амжив. Цардмал зам хэдхэн метрийн зайтай ойртож ирэхэд тэр тайвнаар нүдээ анин бие суллаад өвдөлтийг хүлээв. Гэхдээ түүнд өвдөлт мэдрэгдсэнгүй. Залуу гайхсандаа хэдэн хормын дараа нүдээ нээхэд тэр хотын байшингуудын дундуур яг л шувуу мэт нисч явав...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
11 comments:
hariltsan yarianuud ni..
бүх зүйлд л хугацаа хэрэгтэй...
"Ер нь бол үнэхээр ухаантай хүн ном бичих гэх мэтийн хэнд ч хэрэггүй зүйлс хийнэ гэж үү дээ?"
nice
so fucking beautiful! All concluded in here. but i'm kind of sorry u already became writer:P and i almost committed suicide, maan are u trying to kill me?! :D
Залуу минь чамд авъяас байна.
Ялаа гэж чи? Ягаад чи ингэж бичнэ вэ?
Буруу бичсэн үгнүүдийг чинь уншихаар заримдаа дургүй хүрэх юм.
Нөхөрсөг зөвлөгөө: Монгол хэлний зөв бичих дүрмээ дахиж хар! хөгшөөн!
TER DUREM MUREM YAH VE
GOL NI AYATAIHAN SANAGDLAA
GENEN TSAGAAHAN
ёооо эхлээд уншчихсан юмсан
yaasan ch yrtiin,, yostoi saihan tsag allaaa =P
bi durmiin aldaa ntriin olj harsanaa sanahchguin bna,,, manii durem gej ygasa bhky bolson bhdoo ;)
zohiolchin hariltsan yarian dahi zarim sanaa, bodol ntrig jaahan eserguutsjiin ntr...
shan bichjee
bi bas eserguutsej bna zondoo zuiliig hehe, anand... hamgiin uhaantai hun l nom bichdeg gej boddog sh d haha
uuuuuuuu :)
Post a Comment