Чухам энэ бүхэн хэзээ эхэлсэнийг би сайн санадаггүй юм. Магадгүй долдугаар сарын эхээр эсвэл сүүлээр нь ч байж мэднэ. Ямартай ч яг тэр өдрөөс өмнө бараг л арваад хоногийн турш сүүлийн хэдэн жил тохиолдоогүй их халуун манай хотыг дайрч дусал ч бороо оролгүй халуун нар шарж байлаа. Зуны халуун хирнээ урт тэр өдрүүдийн нэгнийх нь төгсгөлд, шөнө дундын орчим бүрхэг тэнгэр үл ялиг уйлагнан хэдэн дусал өдөржин халж улайссан цардмал зам дээр унаад тэр дороо ууршин алга болж байлаа. Энэ үед ингээд л битгий зогсчихоосой гэж бодож амжиснаа л би тодхон санадаг юм. Ямартай ч миний бас манай хотынхны олонхийнх нь хүсэл биелж бороо тэгсгээд зогсчихолгүй ширүүсч чийгний зөөлөн үнэр норсон өвсний хурц үнэртэй холилдон нээлттэй тагтаар чихцэлдэн орж ирхэд хаа нэгтэй сэтгэлийнхээ мухарт орхиод мартчихсан дурсамжууд нэг нэгээр сэрж намайг тойрон эргэлдэн нисцгээж байж билээ...
Ирээдүй дандаа л биднээс хол, одоод ихэнхидээ л бид сэтгэл дундуур байдаг болхоор амьдралаас авч үлдэх цорын ганц зүйл нь зөвхөн дурсамжууд минь л байдаг байх. Бороотой харанхуй шөнийн хаа нэгтэйгээс жазз хөгжимийн сулхан аялгуу жигдхэн эгшиглээгүй л бол тэр шөнө жирийн л нэгэн бороотой өдөр байж миний амьдрал урьдынхаараа л огтхон ч дурсчих сонингүй өнгөрчихөж болох байсан юм. Гэхдээ тийм зүйл болхыг хэн нэгэн зөвшөөрсөнгүй. Эхлээд би тэр дууг Нэйт Кинг Колийн Күйзас Күйзас байна уу даа гэж бодсон ч миний мэдэдгүй өөр нэг хэлээр магадгүй хятадаар эмэгтэй хүн дуулж байсан юм даа. Зүгээр л миний тэгэхэд таамагласнаар бол шүү дээ багаар бодход хагас зууны тэртээх аялгуу байсан юм. Би нэг л мэдхэд тагтан дээр гарчихсан тэр хөгжим хаанаас эгшиглэж байгааг хайж эхэллээ. Тэр үед миний амьдарч байсан байрны тагтны эсрэг талд арваадхан метрийн зайд өөр нэг байшин байдаг байсан юм. Шөнийн нэг цаг болж байсан болхоор гэрэлтэй цонх бараг л байсангүй. 8-н давхарт нэг залуу унтахаар хэвтэж байснаа босоод тагтан дээрээ тамхилж байгаа харагдав. Гэхдээ тэр аялгуу тэндээс биш илүү холоос магадгүй дөрөв эсвэл таван давхраас л эгшиглэж байх шиг санагдсан. Есөн давхрийн тагтнаас чанх доошоо харвал усанд туссан бүдэг гэрлүүд харанхуй дунд гялалзах л үзэгдэж билээ. Харанхуй тийм нууцлаг болоод л сэтгэл татам басхүү айдас төрүүлэм байдаг биз. Нэг янжуур асаагаад дуусхын алдад тагтнаас доош хаянгаа яг л энэ янжуурийн иш шиг ингээд энэ тагтнаас үсэрчихлээ гэхэд юу болохсон бол уналт хэр удаан үргэлжлэх бол, амьдралд тэмүүлэн айж орилох болов уу эсвэл зүгээр л энэ уналтыг энэ чийгтэй агаарыг энэ бороон дуслуудыг амжиж мэдрэхсэн гэж адган хүсэх болов уу хэмээн тэгэхэд төсөөлж билээ. Амттай бодол. Гэхдээ би үсэрчихээгүй л дээ. Магадгүй тэр үед ингээд уналаа гэхэд тэнд хаа нэгтэй харанхуйн дунд жаззын аялгуунд мансууран суугаа хэн нэгэний ганцаардлыг тасалдуулах вий гэж айсан байх. Ганцаардал. Тэр ганцаардаж байгаа болов уу? Үгүйдээ тэгэх хэрэггүй ягаад гэвэл хань чинь яаг хажууд чинь байна. Ингэж бодуут би хурдхан нөгөө рүү орж пянз тоглуулагчаа авч ирээд тагтан дээрээсээ үл таних найздаа зориулан жазз хөгжим тоглуулж эхэллээ. Тэр олж сонссон эсхийг нь би мэдэхгүй юм. Сонссон бол тэр чухам миний л адил баярласан болов уу эсвэл төвөгшөөн бухимдсан болов уу мэдэхгүй юм. Хэр удаан ингэж сууснаа ч санадаггүй юм. Нэг цаг эсвэл түүнээс ч урт уу нэг зүүрмэглээд сэрхэд минь зуны богинохон шөнө дуусч үүр хаяран гэрэлтэж пянзны хий эргэх дуу л сонсдом нам гүм болсон байлаа. Эсрэг байрнаас гарах аялгуу ч зогссоноос үзвэл тэр ч бас унтжээ. Одоо түүний пянз тоглуулагч яг ингээд л хий эргэж байгаа даа. Өмнөх шөнө нь унтаагүй болхоор маргааш орой ажилаасаа ирхэд нойр хүрч нүд анилдаж байсан ч би үл таних найзтайгаа холбоо тогтоохын тулд шөнө дунд хүртэл унтахгүй байхаар шийдэж кофе тамхиар хань хийн шөнийг барсансан. Гэхдээ тэр шөнө тэр ахиад жазз сонссонггүй. Хоёр гурав магадгүй түүнээс ч олон өдөр би түүнийг шөнө тагтан дээрээ хүлээн суусансан. Удалгүй тэгсгээд би өмнөхийн л адил сониучирхах юм багатай амьдралдаа дур муутайхан эргэн эрж эхэлж байлаа. Ингээд бидний анхны учирлаас долоо хоног орчимийн дараа унтаж байгаад би шөнө сэрчихсэн юм. Миний амьдарч байсан байр маань унтлагын өрөөндөө тагттай болхоор зун би байнга л тагтаа нээлттэй унтдаг зуршилтай л даа. Нойрноос бүдэг бадагхан сэрж эхлэхэд гадаа борооны чимээ сонсогдох шиг болход бороо орж байна даа гэж дотроо бодоод эргэж унтхаар өөртөө аятай байрлал хайн эргэж хөрвөж байтал тун аяархан хирнээ гунигтай жаззын хэмнэл надад сонсогдох шиг болж билээ. Өндийн байж цагаа харвал шөнийн хоёр эсвэл гурав л болж байсан байх. Тэр намуухан хэмнэлийг сонсуутаа л миний нойрмог байдал тэрчигээрээ арилж хурдхан пянз тоглуулагчаа кубын нэг жазз хамтлагийн пянзтай чирээд тагт руу зүглэж билээ. Энэ шөнө ч өмнөх шигээ байсан. Гэхдээ бороо илүү ширүүн байсан болхоор би даарч дулаацахын тулд кофе ууж билээ. Тэр харин ясан бол? Үүнээс хойш би түүнийг зөвхөн бороотойд л жазз сонсдог юм байна гэдгийг мэдэж авсан юм. Ингээд би бороо орхыг битүүхэндээ хүлээж цаг агаарын мэдээ байн байн хардаг боллоо. Тэр үед хуучин пянзны мухлаг ажиллуулдаг байсан болхоор мухлагтаа жазз пянзнуудаа нүүрний эгнээнд байрлуулж тэднийг сонирхох үйлчлүүлэгчдээ анхааралтай ажиглаж үл таних танил минь эдний дунд байгаа болов уу тийм бол хэн нь бол хэмээн сонжиж заримдаа шөнө өөрийнхөө явуулж байсан дуунуудаас пянз тоглуулагч дээрээ тоглуулдаг боллоо. Манай хотод урьдын л адил бороо ховор хэвээрээ. Гэтэл ашгүй найман сарын сүүлээр олон хоног бороо орох тухай цаг агаарын мэдээнээс харлаа. Борооших өдрүүдийн яг эхнийх нь байсныг санадаг юм. Өдрийн турш ямар ч бороо орох шинжгүй байсан болхоор би хий дэмий л дотроо гутран цаг уурынхныг бас энэ уйлж өгдөггүй тэнгэрийг зүхэж суулаа. Гэхдээ найдвар минь тасарч өгөөгүй болхоор шөнө гэртээ ирээд ч бороог хүлээж суусан. Хүйтэн дусал мөрөн дээрээс чимхээд авах шиг болход хичнээн их баярласан гэж санана. Хөршүүдээсээ ч санаа зоволгүй пянз тоглуулагчаа хамгийн чанга дээр нь тавиад Come rain or Come shine-ийн Билли Холидэйн дуулсан хувилбарыг чарлуулж орхисонсон. Дараахан нь унтаж байгаа хүмүүсээс санаа зовсондоо арай дууг нь намсгасан. Арван минут орчимийн дараа Girl from Ipanema ийн намуухан хэмнэл харанхуй дундаас намайг аажимхан онож билээ. Тийм ээ цаг уурынхан алдаагүй юм. Үнэхээр л бараг долоо хоног бороо зүсэрсэн. Би ч ажилаа ч мартаж гэрээсээ ч гаралгүй өөртөө байсан пянзнуудаа ээлжлэн тависаар тагтан дээрээ өнжиж билээ. Зөвхөн юм идэх гэж эсвэл 00 өрөө орох гэж л тэндээс холдож байсансан. Түүний тавих дуунуудаас би түүнийг одоо юу хийж байгаа бол гунигтай байгаа бол уу эсвэл баяр хөөртэй байгаа болов уу гэдгийг таахыг оролдож байсансан. Хэрвээ тэр надад гунигтай мэт санагдвал би илүү хөгжилтэй ая тавьдагсан. Эцэст нь мэдээж нар гарч би ч хуучин амьдралдаа орсон. Оромжноосоо гарч ирэхэд минь зарим хүмүүс надад аль хэдийн санаа зовоод эхэлчихсэн байж билээ. Удсан ч үгүй дээ манай хотод намар ирж юу юугүй л анхны цас будархад дотор минь харанхуйлаад ирсэнсэн. Ахиад бороо орохгүй. Ахиад түүнтэй таарахгүй гэхээр л... Гэхдээ ахиад бороо орсон юм шүү. Бүүр аравдугаар сар гарчихсан байсан санаж байна. Эсвэл дөхөж байсан ч байж мэднэ. Чамгүй сэрүүхэн өдөр байсан юм. Бүүр ажилаа тараад ахлаж байхад минь хэдэн цасан ширхэг хаялсан гээч. Харин ес өнгөрөөгөөд цас бороо болж эхэлсэн. Тэр бидний сүүлчийн уулзалт байлаа. Бороо нэг их ороогүй ээ. Арваадхан минут үргэлжилж хэд дуслаад л зогссон. Тэртээгээс эгшиглэх хөгжим ч бороо зогсоход тасалдаж, ахиад л зуныг хүлээхээс өөр ямар ч аргагүй гэж бодхоор бухимдал цөхрөл намайг эзэмдэн авч янжуур барисан гар минь салганан байж билээ. Амьдралдаа би анх удаагаа бүхнийг хувь тавиланд найдаад орхихгүй байхаар шийдэж тэмцхээр шийдсэн юм. Тэмцэл ч гэждээ зүгээр л би хурдхан гарч гүйгээд эсрэг талын байшинд хүрч орцоор нь ороод хаалга бүрийг тогшиж эхэлсэн. Нэгдүгээр давхраас эхлээд шүү дээ. Яг л галзуу солиотой юм шиг хаалга бүрийг нүдэж хаалга нээгдэхэд санаа зовсондоо түгдчин байж саяны эгшиглэж байсан хөгжим танайхаас гараагүй биз хэмээн асууж байлаа. Зарим айлууд гайхаж зарим нь бүүр уурлаж цагдаа дуудхад ч бэлэн царай гаргаж байсансан. Эцэст нь шатаар өөд уруугүй гүйсэндээ ядарч туйлдах үедээ л өөрийгөө солиотой зүйл хийж байгаагаа түүнийг магадгүй хэзээ ч олохгүйгээ ухааран орцны шалан дээр суугаад эхэр татсансан. Тэр намар тэр өвөл тэр хавар миний мэдэх хамгийн урт нь байсан. Анхны бороог тэсэн ядан хүлээж, цаг нөхцөөхийн тулд гэртээ ганцаараа архи уудаг байлаа. Цаг нь ч ирсэн. Тэгээд ясан гэж үү? Ягаа ч үгүй дээ. Тэр тэнд байгаагүй. Магадгүй байсан ч зүгээр л бороотой үдэш хөгжим сонсох зуршилаа гээсэн ч байж болох юм. Би удалгүй пянзны мухлагаа ч хааж тэр байрнаас ч нүүсэн. Гэхдээ надад нэг зуршил үлдсэн.
6 comments:
neh shan boroo asgadagguim bh da.. jazz and rain saihan hoslol bna..
goy :)
муу 13-таа очоод тагтан дээр нь хөгжим тавиад суучихмаар санагддаг байшд. одоо ер нь бороо оруул тэндээ очиж тэгж хононоо. даанч тэнд хөгжим байхгүй л дээ.
(:
сайхан бичих юма ..
ene ih goy yumaa. neg tiim sonin tugshuurtei ch yum shig dogdlol toruuleed kk
Post a Comment