Сураггүй болооч

Nov 30, 2009

Түүнийг алга болсоноос хойш яг 14 хоногийн дараа утаат хотын аль нэг гудман дахь түрээсийн байранд байрлах өдөр дутмын сонины газрын хамгийн мухрын өрөөнд суух эрхлэгч намайг дуудаад нэгэн шинэ нийтлэл бичих үүргийг буулгалаа... Тэрхүү шинэ үүрэг нь манай хотын хамгийн ирээдүйтэй гэгдэж байсан залуу зохиолч гэнэтхэн учир битүүлгээр алга болсон шалтгааны талаархи нийтлэл байлаа... Яг үнэндээ би урлаг, уран зохиол огтхон ч сонирхож судалдаггүй байсан ч энэ төрлөөр дагнан бичээч сэтгүүлч нь ханиалга өвчинд ороогдон гэртээ хэвтэж байсан тул энэ ажил над дээр буусан хэрэг... Энэ зохиолчийн тухай надад мэдэх зүйл бараг л байсангүй, зурагтаар өөртөө итгэл муутайхан бувтнаж ярих, туранхай залууг түүнийг байсан гэдгийг эрхлэгч нэрийг нь уртаар дуудан хэлхэд бүүр түүр санаж амжсан юм... Нэгэнт тэр сураггүй алга болсон болхоор үүнээс хойш түүнийг сураггүй болооч л гээд нэрлэчихье...
Хэдэн хормын дараа би хотын төвийн номын дэлгүүрт сураггүй болоочийн нэрээр овоглосон номнуудыг хайгаад зогсож байлаа... Аз болж энэ тийм ч хэцүү ажил байсангүй... Тэр энэ өдрийг хүртэл ойролцоогоор 26 насалсан болохоор хангалттай ихийг хийж бүтээж амжаагүй бололтой ердөө л гурван ном оллоо... Үнэ нь ч хямдхан байсан тул өдрийн хоолны мөнгөөрөө түүний бүхий л амьдралынхаа туршид бүтээсэн бүхнийг сольчихлоо... Хэдийгээр номнуудыг худалдан авсан ч энэ бүхнийг уншина гэдэгтээ өөртөө тийм ч итгэлтэй байсангүй... Түүний бүтээлүүд гэвэл эхнийх нь жижигхэн шүлгийн түүвэр... харин удаах 2 нь үргэлжилсэн үгийн бүтээл бололтой... Номын дэлгүүрийн худалдагчийн ярианаас сонсвол энэ жижигхэн шүлгийн дэвтэр түүний анхны бүтээл гэнэ... гэхдээ энэ нь огтхон ч амжилт олоогүйн улмаас тэрээр ахиад зохиолчийн ажил хийхгүй гэж ам гарсан байсан ч манай хотын нэлээдгүй нэртэй сэтгүүлд цувралаар нийтлүүлж байсан бүтээлүүд нь уншигчдийг олноор татаснаар дараагийн 2 романаа бичих санаа төрсөн гэнэ... эхний романы хүрэн улаан хавтсан дээр алтлаг үсгээр Зүүдний Ном гэж бичгэлсэн байх агаад арын хавтсанд нь зохиогчийн инээмсэглэсэн зураг үзэгдэнэ... Харин нөгөө номын нэр нь Дурсамжийн Ном гэсэн гарчигтай байх бөгөөд дорно дахины бололтой гэмээр хээгээр чимэглэсэн цагаан өнгийн хавтастай ажээ...
Номын дэлгүүрийн үүдэн дэхь сонин сэтгүүл зардаг мухлаг дээр хэдэн минут өнжиж өнөөх Сураггүй болоочтойгоо холбоотой мэдээлэл хайж эхэллээ... Энд зарагдах элдэв эрээн мяараан сонингуудын бичиснээр бол сураггүй болооч маань анх өгүүллэгүүдийг нь нийтлэхийг зөвшөөрч асан өнөөх сэтгүүлдээ ажиллаж байсан бөгөөд 3 жилийн хугацаанд ажил таслах битгий хэл хоцорч ч байгаагүй түүнийг ажилдаа ирэхээ байсныг нэг л өдөр хамтран ажиллагчид нь анзаарч эрэл сурал болсон ч сургийг нь гаргаж чадаагүй юм байна... Настай ээж нь өнгөрсөн жил хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул түүнд гэр бүлийнхэн гэж байсангүй... Ингээд эцэст нь цагдаагийн байгууллагын ажилтнууд түүний гэрийн хаалгыг эвдэж орсон боловч тэндээс дорвитой эд мөрийн баримт олоогүй гэнэ... Ингээд л овог нэрийг нь сураггүй алга бологсдын жагсаалтанд оруулжээ... Хотод олдсон цогцоснууд дундаас ч түүнийг хайж үзсэн ч олдоогүй гэхээр түүнийг одоогоор үхсэн гэдгийг нотлох зүйл байхгүй байгаа гэнэ... гэхдээ мэдээж амьд гэдгийг нь нотлох зүйл ч одоог хүртэл олдоогүй л байна... сонингуудын мэдээлсэнээр үзвэл зарим нь мань эрийг ижил хүйстэн гэсэн бол нөгөө хэсэг нь эхнэргүй байсан ч тэр бол ижил хүйстэн биш байсан гэж бичжээ... тоймтой ул сууртай мэдээлэл эдгээр сонингуудын алин дээр нь ч байхгүй байгаагаас үзэхэд миний судлаж буй энэ этгээд нууцлаг амьдралтай нэгэн байсан бололтой... Өө мартах шахаж бас өөр нэгэн сонингийнхоор бол тэр хүн манай хотоос нобелийн шагналд нэр дэвших боломжтой цорын ганц хүн байсан гэж үнэлсэн байна...
За ингээд би үдийн цайны цаг гэхэд Сураггүй болооч зохиолчийн энэ хот дахь хамгийн том фэн нь болж хувирсан байлаа... Миний гар дээр түүний бүх бүтээлүүд байгаагаас гадна би түүний нэр орсон бүх л өдөр дутмын сонингийн нийтлэлүүдийг олоод уншчихсан байлаа... Ингээд би хэд хэдэн хүмүүстэй уулзаж сураггүй болоочийн талаархи мэдээллийг цуглуулж эхэллээ...

Хадагтай Б нас 48... Хосгэрэл сэтгүүлийн эрхлэгч... загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа... Өндөр нуруутай цагаан царайтай туранхай эмэгтэй... хэтэрхий хурдан ярихаас гадна заримдаа гадаад үг яриандаа их хавчуулдаг учраас яриаг нь бүрэн ойлгоход надад хэцүү санагдаж билээ...

Хадагтай Б-ын ярианаас...

“Анх гурван жилийн өмнө сэтгүүлч ажилд авна гэсэн зарын дагуу бидэнтэй уулзаж байсан залуусын дунд туранхай урт долгионтой үстэй сонсгол муутай залуу ирж байсаныг нь би сайн санаж байна... /Инээвхийллээ/... Урлагийн талаар цэгцтэй мэдлэгтэй байсаныг нь бид үнэлж түүнийг сонгож байсан юм... Тэр яруу найрагч болохыг мөрөөдөж байсан боловч нэг шүлгийн түүвэр хэвлүүлсэний дараа энэ бодлоо өөрчилж орхисон тухайгаа тэр уулзалтын үер яриж байсан...
Манайд ажиллаж байсан эхний хугацаандаа орчуулагч хийж байсан ч нэг удаа түүний цааснууд дундаас сонирхол татам өгүүллэгийг бид осон юм... Дараа нь энэ өгүүллээ сэтгүүлд нийтлүүлэхийг санал болгосон ч тэр өөрийгөө зохиолч болох үе нь аль эрт өнгөрсөн гээд зөвшөөрөөгүй... би удтал ятгасны эцэст тэр энэ өгүүллээ сэтгүүлд нууц нэрээр тавихыг зөвшөөрсөн юм... Гэтэл та юу болсоныг төсөөлөхгүй дээ тэр дугаарын дараагаас эхлээд л манай сэтгүүлд өнөөх өгүүллэгийг магтсан талархлууд ирж хотын бусад урлаг утга зохиолын тухай сэтгүүлүүдэд тэр өгүүллийг задлан шинжилж манай хотын уран зохиолын түүхийг шинэчилсэн бүтээл гэх зэргээр дурсаж эхэлсэн юм... Үүний дараа би түүнтэй удтал ярилцаж дуусаад сэтгүүлд цаашид өгүүллүүд бичиж өгч байхаар тохиролцсон юм... Үүнээс хойш ердөө хэдхэн сарын дотор тэр манай хотын шинэ залуу уран зохиолчид дундаас хамгийн авьяастай нь хэмээн үнэлэгдэх болж 3н жил номын сангуудын тоосонд дарагдаж байсан түүний эхний ном болох шүлгийн түүвэр тэр дороо энэ хотод хамгийн ховор зүйл болж ахин хэвлэлтэнд орж жилийн дараа гэхэд манай баатар маань эхний Романаа хэвлүүлж мөнөөх Роман нь ч бестселлер болсон юмдаа... Үүнээс цаашхийг нь бараг хүн бүр мэднэ дээ...
Түүнд чухам юу тохиолдсон талаар надад үнэндээ ямар ч таамаг алга... сүүлийн удаа би түүнийг хархад тэр тайван инээмсэглээд ажилаа хийж суусан... амьдралдаа ямар нэгэн чухаг өөрчлөлт хийх гэж байгаа хүнийх шиг байдал надад лав ажиглагдаагүй... Би л лав түүнийг амиа хорлосон эсвэл зүгээр л хаа нэг тийшээ зугтчихсан гэсэн тэнэг яриануудад итгэхгүй байна... Тэр чинь яг л амьдралынхаа оргил үед амьдарч байсан хүн шүү дээ... ялаа гэж тэр энэ их амжилт, хүндлэлээ орхих билээ дээ... Үгүй тэгээд орхилоо ч гэсэн тэр хаашаа ч явах байсан юм мэдэхгүй ээ... би таны энэ таамагт бол итгэхгүй байна...
Тэр энд ажил дээрээ их оройтдог байсан... гэр нь тийм ч ойрхон биш ч гэсэн алхах дуртай байсан... энэ замд түүнд магадгүй муу зүйл тохиолдсон ч байж болох юм гэхдээ мэдээж битгий л ийм байгаасай гэж хүсэж байна шүү... Одоо ч түүний булан эзгүйрч орхилоо... түүн шиг сайн зохиолч ахиад олно гэдэг мөн ч хэцүү шүү... үгүй дээ ер нь манай хотод ахиад төрөх ч үгүй байх... Манай дараагийн дугаарт түүний сүүлийн бичиж байгаад дуусгалгүй орхисон өгүүлэл нийтлэгдэх болно... та тэр дугаарыг авч уншаарай л даа... магадгүй түүний тухай илүү мэдэж магадгүй юм...
Өө уучлаарай би таньд тэр өгүүллийн талаар ямар нэг зүйл хэлж чадахгүй нь дээ... та сэтгүүл хэвлэгдтэл хүлээх хэрэг гарах нь... “

Хадагтай Б өөрийнхөө үлдсэн амьдралыг бүхлээр нь энэхүү сэтгүүлдээ зориулсан бөгөөд Сураггүй болоочийн өгүүлэл сэтгүүлд ахиад нийтлэгдээгүй ч өөр бусад зохиолчдын сонирхолтой өгүүллийг нийтэлсээр үлдсэн юм...
Дараагийн уулзах хүн ноён Б... нас 27 мэргэжил уран зохиолч, яруу найраг болон үргэлжилсэн үгийн төрлөөр хэд хэдэн томоохон бүтээл туурвисан манай хотын уран зохиолын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж яваа залуусын нэг хэмээн үнэлэгддэг эр...

Ноён Б-ын яриа...

“Тиймээ бид сайн найзууд байсан... хамгийн сүүлд түүнийг алга болхоос гурав хоногийн өмнө бид 2 хамтдаа нэг зоогийн газар шар айраг ууж суусан... ер нь бид ойр ойрхон уулзалдаж шар айраг уунгаа уран зохиолын талаар эсвэл амьдралын талаар яриж суудаг байсан... зөвхөн бид 2 ч байдаг юм биш л дээ... өөр бас зарим зохиолчид ч бидэнтэй хамт сууцгаадаг байсан юм... Тэр өдөр лав ямар нэг тийшээ явах гэж байгаа эсвэл амиа хорлох гэж байгаа талаар надад юу ч хэлээгүй... Гэхдээ тэр одоогийн амьдралааса залхаж байгаагаа үүнийг орхиж явахыг хүсч байгаа талаараа өмнө нь хэд хэдэн удаа дурсаж байсан...
Шалтгаан нь их энгийн л дээ... Би түүнийг 19 тэй байхаас нь л мэднэ... тэр өөрийнхөө шүлгүүдэд маш их хайртай байснаар барахгүй өөрийгөө сайн яруу найрагч болно гэдэгт бат итгэдэг байсан... тэгээд тэр өөрийнхөө амьдралын багагүй хугацаагаа зарцуулж, сэтгэл зүрхээ шингээн байж эхний номоо хэвлүүлсэн юм... Харин тэр шүлгийн түүвэрийг нь бараг хэн ч авч уншаагүй... харин сэтгүүлд зориулан амралтын өдрүүдээр зугаагаа гаргаж бичдэг байсан өгүүллүүд нь түүнд жинхэнэ амжилтыг авчирсандаа... амьдрал тоглоомтой байгаа биз... хамгийн инээдтэй нь түүний өнөөх зугаагаа гаргах гэж бичдэг байсан өгүүллэгүүд түүнд алдар авчрах үед түүний өнөөх шүлгийн түүвэр нь лангуун дээрээс гэнэтхэн алга болсон юм... тийм учраас тэр өөрийг нь хүндэлж яруу алдартайд тооцдог тэр бүлэг хүмүүсийг яг үнэндээ бол үзэн яддаг байсан юм...
Яхав дээ хүн амьдрах хэрэгтэй... зохиолчид ч гэсэн ходоодтой ходоод нь талх иднэ... тийм учраас л тэр сэтгүүлд ажиллаж байсан... Тэр өөрийнхөө бичсэн Романуудад та дуртай байсан гэж бодож байна уу? Үгүй дээ... тэр ердөө л өнөөх сэтгүүлдээ зугаа байдлаар бичдэг байсан өгүүллэгүүдээ нэгтгэж нийлүүлээд 2 Роман болгочихсон юм... Түүний бүтээлүүдийг түүн шиг үзэн яддаг хүн байгаагүй байх гэж би итгэдэг... Миний хувьд бол тэр Романууд сайн бүтээлүүд байсан... тэр өөрөө л дургүй байсанаас биш бүгд л үнэлсийм...
Амиа хорлох... / санаа алдав/ тэр үүнийг нэг их үгүйсгэдгүй бүүр зарим өгүүллэгүүд дээрээ илт дэмжсэн байдлаар бичдэг байсан... бүүр нэг өсвөр насны хүү түүний өгүүллээс болж амиа егүүтгэхээр оролдож байсан хэрэг жил гаруйн өмнө гарч байсан... тэр үүнийг сонсоод харин огтхон ч сэтгэл нь хөдлөхгүй байж билээ... гэхдээ тэр өөрийгөө егүүтгэсэн гэдэгт би лав итгэж чадахгүй байна... ягаад гэвэл тэр өөрөө үхлээс ухаангүй айдаг тухайгаа надад хэдэн удаа яриж байсан... магадгүй тэр энэ бүх хиймэл хөөсөнөөс залхсандаа энэ хотоос явсан байх... энэ л хамгийн бодитой таамаг байна даа...
Тэр найз эмэгтэйгүй байсан... гэхдээ нэг эмэгтэй талаар их дурсдаг байсан... магадгүй өнгөрсөнд үлдсэн л дурсамж байх... яг хэн гээч ямар бүсгүй байсаныг нь би сайн мэдэхгүй л дээ... “

Ноён Б энэ ярилцлагаас хэдэн жилийн хойно нэгэн өдөр амиа хорлох гэж оролдсон ч энэ нь бүтэлгүйтэх бөгөөд жинхэнэ үхэл нь үүнээс олон жилийн хойно сүүлийн бүтээл дээрээ ажиллаж байх үед нь цус харвалтын дүрээр л ирсэн юм гэдэг... Гэхдээ тэр энэ үхлээ хүртэл манай хотын хамгийн нөлөө бүхий зохиолч байсаар ирсэн гэдгийг дурдах хэрэгтэй...


хадагтай У... Энэ эмэгтэй урлагийн түүхийн чиглэлээр европт мэргэжил эзэмшсэн бөгөөд манай хотын хамгийн нэртэй их сургуульд урлаг судлалын хичээл заадаг... жижигхэн биетэй том харааны шил зүүсэн хүүхэд шиг бүсгүй надтай ярилцахдаа яг л эхэлсэн шигээ ярианы өнгө хурдаа өчүүхэн ч өөрчлөлгүйгээр нэгэн жигдээр яриагаа дуусгаж орхисон нь намайг гайхуулж билээ...

Хадагтай У-ын ярианаас
“Түүний уран бүтээлийг ямар нэг изм хамаатуулж үзэх боломжгүй гэж би хувьдаа боддог... ерөөсөө түүний бүтээлүүдийн хамгийн гол сэдэв бол хүний дотоод бодрол бясалгал, цаг хугацаа, дурсамж хийгээд мэдрэмжийн тасархайнууд юм... Түүний Романууд нь цаг хугацааны дараалал нь ойлгомжгүй, үйл явдлаасаа илүүтэй дүрүүдийнхээ дотоод ертөнц дэхь бодролууд зохилсон байдаг... Тэр бол гарцаагүй бидний үеийн нэгэн гоц авьяастан, гялалзах гэрэл нь юм...
Би түүний зохиулуудад шүүмж бичихийн хажуугаар хэд хэдэн удаа уулзах завшаан тохиолдож байсан... Их энгийн хүн шүү... нэг их яриа биш... бусдыг сонсож түүнийх нь хариуд хэдэн уг дугардаг инээмсэглэсэн эр байж билээ...
За энэ яхав асуудлын гол руугаа яриагаа чиглүүлье л дээ... Би Хосгэрэл сэтгүүлийн сүүлийн дугааруудад нийлэгдсэн өгүүллэгүүдийг нь уншиж үзсэн... тэндээс дотоод сэтгэлийн зөрчил надад хүчтэй мэдрэгдэж байсан... ях аргагүй өмнөхөөсөө илүү догдолсон басхүү эмээсэн өнгө аяс мэдрэгдэнэ... Та хүсвэл надаас аваарай л даа... Түүний зохиолуудад ажиглагддаг өөр нэг санаа бол амиа хорлолт, үхэлийн тухай эргэцүүллүүд байсан... энэ 2-ыг нэгтгээд үзвэл түүнийг би амиа хорлосон болов уу? Гэж таамаглаж байна... энэ талаар би том судалгааны ажил эхлүүлээд байгаа л даа... Тэр яг л Ренескё шиг эсвэл Мишима шиг амиа золиосолсон гэж бодож байна... гэхдээ юуны тухай вэ? Энэ л надад байгаа одоогийн хамгийн том асуулт..." гээд нэг их том асуултын тэмдэг нүүрэн дээрээ тодруулж ирэх үед нь би түүний өрөөнөөс бараг л зугтах шахам гарсан юм... Хадагтай У хожимоо Сураггүй болоочийн зохиолч хийгээд түүний бүтээлүүдийн тухай судалгааны томоохон ажилаа ном болгон хэвлүүлэн гаргах бөгөөд үүнийхээ дараа бүтэл муутай нэгэн эртэй гэрлэж, хэд хэдэн хүүхэд төрүүлснээсээ хойш ахин урлагийн салбарт ажиллагүй юм...

Хадагтай М... Сураггүй болоочтой дунд сургуулийн нэг ангид суралцаж байсан дотны найз нь...

Хадагтай М-ын яриа
“Үгүй дээ та андуурч байна бид 2-ын хувьд ямар нэг хайр дурлалын түүх хэзээ ч байгаагүй... Бид зүгээр л сайн найзууд байсан...
Харин нэг бүсгүйн талаар их ярьдаг байсан... нэг удаа түүний талаар миний амьдралд таарч болох хамгийн төгс эмэгтэй байсан юм гэж яриж байсан... Түүнийг энэ бүтэлгүй дурлал нь их зовоодог байсан байхаа гэж би боддог юм... Би тэр эмэгтэйг нь харж байгаагүй... миний мэдэхээр тэр бүсгүй нь саяхан гэрлэсэн гэж сонссон...
Зохиолчынх нь хувьд би түүнийг сайн мэдэхгүй ээ... ягаад гэвэл би уран зохиол сонирхож явсангүй... ямартай ч түүнийг хүмүүс их хүндэлдэг байсан гэдгийг мэднэ... Надад анхны хэвлүүлсэн номоо дурсгаж байсан...
Тэр хөгжилтэй инээмсэглэдэг олон найз нөхөдтэй тэдэнтэйгээ ч цэнгэх дуртай тийм жирийн л нэгэн эр хүн байсан... яхав дээ хэн нэгэн найз нөхөддөө эсвэл ажлынхандаа хэлэхээ мартаад хотоос гарч, хөдөө явчихдаг шүү дээ... эсвэл зүгээр л хэт их ядарсанаас болоод амралтанд яваа биз... энэ асуултын хариунууд ийм энгийн байхад ягаад түүнийг хаашаа алга болсон шалтгааны талаар сонин бүр дээр бичиж амиа хорлолт, орголт гэх мэтийн утгагүй таамаглал дэвшүүлээд байгааг тань үнэндээ ойлгохгүй байна... Түүнийг эргээд ирэхэд та бүхэн өөрсдөө нэг их эвгүй байдалд орох вий дээ... Хадагтай М эдгээр үгсээ нэлээд ууртай зөөж ядан хэллээ... “

Хадагтай М-ын ирээдүйд юу тохиолдсон талаар би харин юуг ч олж сонсоогүй юм...

Миний гар дээр яг одоо Сураггүй болоочийн бичсэн гэх 3 ном /гэхдээ би уншиж эхлүүлээгүй/ 2 өдрийн хугацаанд уулзсан түүний ойр дотно байсан гэх 4 хүнээс авсан 4-н өөр яриа байна... гэхдээ энэ бүх яриа эдгээр хүмүүсийн таамгууд миний хүсч байсан шиг тийм ч сонирхолтой байж чадсангүй... Тийм болохоор би одоо сураггүй болоочийн тухай өөрийнхөө түүхийг бичхээр сууж байна...

Дунд зэргийн нуруутай, туранхай долгионтой үстэй, онигор нүдтэй залуу дээрхи үгсийг бичиж дуусгаад их ажлын ард гарсан мэт царай гарган инээмсэглээд халуун кофе оочлов... цагийн зүү 7-35 заах агаад ширээн дээрх календарь нь аль нэг сарын бямба гаригийг заасан байх ажээ...

10 comments:

Anonymous said...

Sonirholtoi bailaa, Tugsguliin uguulberiig ni hed hed dahin unshlaa, ene ni hamgiin sonirholtoi heseg ch yumuu kk, gehdee neg tiim sonin sanagdaj baigaa yum ni uulzaj yarij baigaa ene humuus ter zaluugiin talaar iim sain medeh barag bolomjgui yum shig. Medeej uur uuriinhuuruu l yarij baina l da. Gehdee uhliin talaarh bodliinh ni talaar neg hun uur uur untsguus ni avch uzvel gej baigad yarij baigaa yum shig ch yumuu... ene talaar ni ers tes yalgaatai bish heleed baih shig ...

mishi said...

dohhh, sonirholtoi blaa.. uuriinhuu dotor bdag huniihee tuhai ch yumuu bichchihsen yum shig sanagdaad.. medku ee.. magadgui chi zohiolch bsan bol end bichsen shigee iim zohiolch bh bsan bh.. za medku ee.. but really liked it..

Anonymous said...

14 jiliin omno geheer ni Anu iin tuhai yum boluu gesen 26 nastai geed bish bolvoo gej tegeed tsaash ni unshsangui hehe

Blacker said...

сонирхолтой хотод амьдардаг хүмүүсийн амьдрал үргэлж сонирхолгүй байдагсан. сайхан хот байна, уран зохиолын тухай шуугилдаж, хүндэтгэдэг байх нь, зохиолч нь зохиолчдын адил зожиг байх нь. надаа иймэрхүү сайхан хотууд нэг тийм өнгөөр дүрслэгдэж буугаад байдаг юм аа, илэрхийлэх гэхээр чадамгүй. эсвэл тэр хотод байснаа санахгүй байгаа ч юм шиг. шар айрагны хөөс сахарсан ... гөө он

Anonymous said...

...unendee hen ch namaig oilgohgyi...

...gehdee ooriin durtai ajlaa hiigeed yawj baigaa hun hamgiin az jargaltai...

busad hunii harj baigaagaar ooriin orgil uedee yawj bgaa humuus, harin ch dotood setgeldee esergeer mash ih hudal huurmag, naalinhatald hawchigdan bagtarch uhmeer amidarch baidag,,,

uneheer heleh uggui, mash sonirholtoi bailaa, awiyastai shuu,

ollie said...

Түүний бүтээлүүдийг түүн шиг үзэн яддаг хүн байгаагүй байх гэж би итгэдэг...


энд л хамаг юм байгаам шиг санагдчихав. мэдкүүм.

amiza_mojo said...

Mani hvnii amidral "Worlds Greatest Dad"-iin Robin Williams-iin hiisen dvrtei nileen adilkhan sanagdchikhlaa. Goyo bichsen bna. Don't tell me u wrote this!

zzz said...

duustsiimuu?...

sirus said...

zalhu hure dusgazim...

Anonymous said...

Tuunii bichsen nomuud ni bestseller bolood, shulgiin mon ni hurtel pirr geed duussan gesen bna. Tegsen atlaa amidraldaa garghasan 3 nomiig odriin hoolnii hyamdhan uneer avsan ch gene uu. Logic aldaa bna aa bna.

Post a Comment